Би бээр энэ блог ертөнцөд ороод хэдийн 6 жилийг тойрчээ. Хэдий тоотой хэдхэнийг бичсэн ч энэ бүх хугацаанд баяр гуниг, ухаарал, сэтгэл хөдлөлийнхөө шуурганаас барьж, базаж, шүүж, тунгааж, зуурч, биежүүлж, хатааж гаргаж ирсэн үгсийн хэлхээ минь блогт маань бий. Өөр нэгэн уншихад утгагүй тэмдэглэл шиг, миний бодсоныг бодож, туулсныг туулж, тунгаасныг мөн адил тунгааж үзсэн хүнд танил өгүүлбэр үзэгдэж ч болох. Магадгүй, интернет гэх их ертөнцөд өчүүхэн үлдээсэн мөр маань ч юм уу.
6 жилийн өмнө ч блогчид нийтлэл бичиж, сэтгэгдэл бичилцэж "сошиалддаг" байжээ. Тэр үетэй одоог харьцуулахад Нүүрном, Жиргээ, Инстаграм, Вайбер гээд бичих унших хурд ихтэй, бодох тунгаах цаг багатай хүчтэй ургал, аадар ихтэй болж уу гэлтэй санагдана. Цаг үеээ дагаад ч тэр үү, нас өтөл болж байгаагийх ч юм уу урт нийтлэл ч уншихад ядардаг, их зүйл шивэхэд чилдэг болох шинж ажиглагдаад байна шүү.
Өмнөх нийтлэлийн хэрийн пост бичихийн оронд ганц смайл тэмдэгт тавиад аргалчихдаг хэлбэр лүү шилжчихжээ. Хуучин цагин блогч андууд маань хаагуур шуугиулж явдаг юм бол доо. Уншууртай нийтлэл, өгүүлэлүүдийг нь үгүйлж байна шүү.