Sorrow

Гомдол гэдэг... Хүсэн хүлээлт, хүсэн хүлээсэн хүлээлт хүсэл ёсоор болоогүй үед төрдөг "төрмөл" бүтээгдэхүүн юм шиг. Олдмогцоо хурдан бойжиж төрнө гэж жигтэйхэн. Тэр "төрмөл"-ийг төрүүлэхэд өвдөлт ихтэй. Өөрөө ч тэр өвдөлтөөс болж эндэх эрсдэлтэй. Харин тэр "төрмөл" амь бөхтэй, араа соёо, эвэр туурай ихтэй, урт урт хошуугаараа танаас зүүгдэж шимэгчилж өвтгөж удаан хугацаанд амьдрах болно. Тэр "төрмөл"-ийн "спермийн донор"-ыг дурсах төдийд л танд шигдэн соёо хумснууд нь мушгиралдаж өвтгөх болно.


Түүнийг эмчлэх ганц эмчилгээ нь УУЧЛАЛ хэмээх их хорсгодог тариа бий. Энэ тариаг хийлгэхэд халуурч дэмийрч харшил өгч, тарианы сорви үлдэнэ. Наманчлал, уучлал гуйлт гэх мэт өвчин намдаах эм тангуудыг хүртэж болох ч УУЧЛАЛ-тай хавсарч байж л үр дүнгээ өгнө.

Түүнээс сэргийлэх вакцин гэж бий. Энэ бол гадаад ертөнцөөс их зүйлийг хүсэн хүлээхгүй байх "дархлаа". Гадаад ертөнцөөс, бусдаас, зарим тохиолдолд өөрөөсөө ч хүлээх хүлээлтээ огоорох. Энэ вакцинийг тогтмол өөртөө өндөр тунгаар шахаж байхгүй бол их хүнд өвчинд нэрвэгдэж, улмааар ИТГЭЛ АЛДРАХ, ҮЗЭХ ЯДАХ гэдэг эдгэшгүй өвчнөөр удаан хугацаанд, магадгүй насан туршдаа шаналаж болох юм.

Вакциндаа хамрагдаж байвал тарианы олон сорви үлдэх ч шаналал арай л бага.

Аа дээр нь нэмээд энэ "төрмөл"-ийн "сперм донор" болохгүйн төлөө биеэ "энхрийлүүштэй" гэж бус "хичээгүүштэй" гэж арван хоёр жил, ордны бүх зурхайд гариг эрхэс санамжлан өгүүлжээ.

0 comments:

Post a Comment

Миний сэтгэл гарган бичсэн өчүүхэн бичлэгт сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа :)