"The Pianist" буюу "Төгөлдөр хуурч" кино

Польшын нэрт найруулагч Роман Полански-н 2002 онд бүтээсэн "The Pianist" буюу "Төгөлдөр хуурч" киног кино урлагийн түүхэн дэх үнэхээрийн агуу бүтээл хэмээн магтан шагшихаас өөр аргагүй юм. Кино найруулагчийг дайн тулаан, хүний дотоод сэтгэл, сэтгэлзүй, урлагийн ертөнцийг гаргууд судалж, өчүүхэн жижиг деталиудыг ч алдалгүй уран нарийн гаргасаныг гайхмаар. Гэхдээ миний хувьд энэ бүтээлийн авсан шагнал, жүжигчдийг танилцуулж магтаал урсгахыг алгасаад кинонд гарах нарийн ширийн агшнуудыг анзааран түүвэрлэж өөрийн тайлбарыг нэмэн өгүүлэхийг зорилоо.

Киноны үйл явдал Ервей гаралтай Польш төгөлдөр хуурч Владислав Шпилман хэмээх авьяаслаг залуу (түүхэн бодит хүн) нэгэн радио студид Шопений Nocturne No. 20 in C# minor тоглож байх үед Дэлхийн 2-р дайны довтолгоон Польш улсыг хамарч, түүний тоглож байгаа байшингийн хэсэг бөмбөгдөлтөнд өртөж байгаагаар эхэлдэг. Энэ үед радиогийн нэгэн ажилтан шилэн цонхны цаанаас тоглохоо зогсоо хэмээн дохиход гол дүр маань "үгүй" хэмээн толгой сэгсрэн байшин үргэлжлүүлсээр байгаагаас хөгжимчин хүний хатуу чанд дэг, тэвчээр, сэтгэлийг анзааран харж болно. Энэ аргагүйн тасалдсан хөгжмөө киноны төгсгөл хэрд энх тайван цагт дахиж тоглож байгаагаар мөн харуулдаг.

/* Хөгжимчний хат, тэвчээр гэж дуугарсан дээр нэмээд жаахан тайлбар хиймээр санагдав. Хөгжмийн урлагийн ертөнц хэмээгч нь буу зэвсэг барьж хүний амь таслах үйлдэл хийдэггүй л болохоос "цэргийн дэглэм"-тэйгээр явагдах ёстой зүйл гэж би өөрөө биеэр мэдэрч таньсан хүний хувьд хэлнэ. Цагийн баримтлал, байнгын эрчимтэй бэлтгэл, эрүүл чийрэг бие, биеийн хүч, ур чадвар, авьяасыг хөгжүүлэх, хатуу үг даах, биеэ дайчлах чадвар, бие сэтгэлийн ачаалал даах тэвчээр гэсэн тулгуур дээр тогтдог эд. Эдгээрийг хэрэгжүүлж байж л гэмээнэ "хөгжмийн ертөнц"-д "амьд үлдэж" чадна, эс бөгөөс энэ агуу ертөнцөөс арчигдана. Тийм л хатуу. Амьдрал уй гашуу таагүй явдал тохиолдсон ч гадна төрхөндөө үүнийг үл харуулах, тоглох үед тохиолдсон ямарваа нэгэн саад тотгорыг үл анзааран үргэлжлүүлэх хатуу чанга дэгтэй. Бөмбөг дэлбэрдэггүй юм аа гэхэд хамар дээр ялаа суухад үргээх эрхгүй :P */

Ганцхан хүний амьралын хэсэг хугацаа(Дэлхийн 2-р дайны 5 жил), газар зүйн хувьд багахан хэсэг талбайг хамарсан үйл явдал өрнөж байгаа хэдий ч дайны хор хохирол, нүд хальтрам үйл явдал төрх байдлыг хурцаар харуулсан. Энэ дайны гашуун түүхийг өгүүлсэн кинонуудын дийлэнх нь үнэндээ улс төрийн хувьд дайсны талыг муучилж гоочлон өөрийн талыг илүү дөвийлгөөн сайшаасан "баатарлагийн туульс" байдаг бол энэ киноны хувьд ХҮН хэмээх эрхэм чухал чанарыг голлон авч үзсэнээрээ онцлог.

Еврей үндэстний онцлогийг ч энэ киноноос тод томруун анзаарагдана. Өөр аль ч улс үндэстэнд байдаггүй эв нэгдэл, өөрийн үндэс угсаагаар бахархах үзэл, нэгэндээ тусалж тэтгэх чанар, оюуны өндөр чадвар, авьяас тэдэнд бий (Монголчууд өөрсдийгөө магтан дөвийлгөн маш дуртай хэдий ч эв нэгдэл, бахархлаа чин сэтгэлээсээ дээдлэх зан байхгүй гэж хэлж болно). Чухам энэ зан чанараас бол ихэнх улс орны "дээд" ангийг Ервей үндэстэн эзлэх болсонд дургүйцсэн үндсэрхэг үзэлтэн Гитлер "Ервейчүүдээс цэвэрлэх" аян өрнүүлсэн мэт.

Шпилманы гэр бүл ч Ервей гэдгээрээ гадуурхагдан шахагдсаар бөөнөөр хорих лагерьт ачигдахын өмнө түүний аав байгаа бүх мөнгөөрөө шахам ганц ширхэг зөөлөн чихэр худалдан авч олон тэнцүү хуваан гэр бүлийн гишүүд адил тэнцүү хүртэж байгаа харахад өөрийн эрхгүй нэгийг бодох биз ээ. Харин бөөнөөр хорих лагер луу "ачих" ажлыг гүйцэтгэхэд оролцож байсан түүний авьяас чадварыг үнэлдэг Ервей танил нь түүнийг сэмхэн холдуулж хоригдох аюулаас аварч Варшавт шигшигдэн үлдсэн цөөхөн хэдэн залуу Еврей ажилчдын нэг болж үлднэ. Түүний хайрт бүсгүй, хайрт бүсгүйнх нь нөхөр, тэдний найз гээд туслах сайн санаат хүмүүсийн тусламжтай багагүй хугацааг өнгөрөөж, мөдхөн "эзэнгүй" хотод үлдэж хүндхэн амьдралыг туулна.

Шпилманы дараа орох гол дүр гэж хэлж болохуйц дүр бол Германы цэргийн ахмад Wilm Hosenfeld. Эзэнгүй байшингуудаар явж хайж олсон лаазалсан хүнсийг онгойлгох багаж хайж байгаад санамаргүй энэ Герман эрхэмтэй тааралддаг. Тэрээр Шпилманы талаар асууж Төгөлдөр хуурч гэдгийг олж мэдэн цааш дагуулан төгөлдөр хууртай өрөөнд оруулж тоглож өгөхийг хүсэхэд "манай хүн" Шопены Ballade No.1 Op.23-ын хэсгээс тоглож өгдөг. Киноны дээр Хосенфелд төгөлдөр хуур тоглож огт харагддаггүй боловч түүнийг төгөлдөр тоглодог, эргэн тойрныхондоо ч төглөдөр хуур тоглодог гэж танигдсаныг илтгэх хангалттай шалтгаануудыг кинон дээрээс харж болно.
  • Хосенфелд, Шпилман хоёр тааралдахаас нэлээд өмнө киноны ард Бетховены 14-р сонатын нэгдүгээр хэсэг буюу Moonlight Sonata-ийн хэсгээс бүдэгхэн эгшиглэдэг. (Польшын хөгжмийн зохиолч Шопен, Германы Бетховений хөгжимд зааг байхгүй гэсэн санааг найруулагч мөн хэлэх гэсэн болов уу)
  • Шпилманаар төгөлдөр хуур тоглуулаад сууж байх үед түүний жолооч гадаа нь зүгээр хүлээгээд л зогсч байгаа 2-3 секунд өнгөрдөг.
Эндээс Хосенфелд жолоочоо гаднаа хүлээлгээд өөрөө дотор төгөлдөр хуур тоглодог байсан хэмээн дүгнэх хангалттай "шипи"-г киноны найруулагч бидэнд өгөөд байна :D Мэргэжлийн хөгжимчин биш ч өөрөө тоглодог, урлагийг мэдэрч ойлгож биширдэг, авьяастныг хүндэлж Германы армийг буцтал Шпилманд идэх хүнс илүүчилж, буцахдаа гадуур хувцсаа "дулаан" гэж бэлэглэдэг. Урлагт дуртайгаас гадна Хосенфелдийн ажлын ширээн дээр түүний гэр бүл, 3 хүүхэдтэйгээ авхуулсан жаазтай зураг харагдаж байгаа нь түүнийг "гэр бүл, аз жаргалын үнэ цэнийг мэддэг", "хэзээ ч дайныг үл хүсэмжлэгч" гэсэн ойлголтыг бататгаж өгнө. Үүгээрээ "дайсны" цэрэг болгон дайсан биш, тэд ч гэсэн бидний адил ХҮН. Харин ХҮН бидний эсрэг цорын ганц ДАЙСАН нь ДАЙН юм гэдгийг ойлгуулахаар, батлахаар зорьжээ.

"Төгөлдөр хуурч" киноноос та ямар ч хурц өрнөлтэй адал явдал, фантаз, хошигнол, романтик хайр дурлал, уран сайхны хэтрүүлэг, хийсвэрлэл, компьютер графикийг олж харахгүй. Харин хөгжмийн урлаг, жинхэнэ киноны яруу тунгалаг ертөнц, дотоод сэтгэл, чанадын нууцыг олж харна. Үзээгүй бол заавал үзэх, үзсэн ч дахин үзэх ёстой, ЖИНХЭНЭ КИНО гэсэн дүгнэлтийг л миний зүгээс хэлнэ.

Заавал үзээрэй.

9 comments:

Frank said...

Сайхан өгүүлэл, кино шүүмж байна. Би энэ кануг ерөөсөө бүтэн үзэж байгаагүй юм байна. Одоо бол заавал хэрэг болгож олж үзнээ. Таны өгүүлэл, мэдрэмж надад тун их сэтгэгдэл төрүүллээ. Таны 2 бичлэгийг би уншлаа. Урлаг судлаач мэргэжлийн хүн гэж бодохгүй байна. Гэхдээ та кану шүүмж, өгүүлэл бичихдээ тун чадварлаг бичиж байна шүү. Мэдрэмж, сэтгэлгээний цар хүрээ тань их өргөн бөгөөд холч тусгалтай харагдаж байна. Ихийг бичих, бас үзэж харахад тань амжилт хүсье.

Gansukh B said...

Баярлалаа, судлаач, мэргэжлийн хүн биш ээ би. Аливааг улс суурьтай, ажигч билгийн нүдээр харж, чөлөөт цагараа өөрийгөө таних, дараа нь ертөнцийг ажих их "аян"-д мордож олсон "нээлт"-үүдээ бичиглэж олон түмэндээ хүргэхийг л зорьж яваа нэгэн.
Таны магтаалын үгс надад бичих их урам хайрлалаа, баярлалаа :)

Дүүрнээ said...

ёстой гого кану

Anonymous said...

ene ih goy kino l doo bas minii sain hun ih durtai ene kinond.tuguldur huur er ni goy shuu

RecycleMonkey said...

minii hamgiin durtai kinonuudiin neg :)

BorlaSQue said...

;;) сайхан кино шүү хэд үзээд ч уйдаггүйн

Anonymous said...

Төгөлдөр хуургүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй байна.

Anonymous said...

Uneheer saikhan bichjee, kinog uzeed bas anzaaralgui orhigduulsan heseg deer ch mun zuv zuitei dugnelt hiisen baina.Bayarlalaa, er ni ihevchlen tuguldur huur, hugjimtei holbootoi kinonuudiin talaar bichsen baih shig sanagdlaa. Amjilt husie.

Anonymous said...

hehe

Post a Comment

Миний сэтгэл гарган бичсэн өчүүхэн бичлэгт сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа :)