Хэвшмэл сэтгэлгээ ба Дотоод мөн чанар

Хүн хэмээх бодгаль ямар нэг зүйлд бат итгэхээрээ тэр зүг рүүгээ гайхалтай туйлширч чаддаг, эргэцүүлж бодохдоо дуртай биш, тунгаан бодож олсон мөн чанараасаа зугтах дуртай тун чиг бардам "амьтан" мэт.

"Сайн" хэмээн бодож, итгэж явдаг зүйл, зан үйлүүд маань ч мөн чанартаа "сөрөг" байх нь ч бий. Жишээ нь эрүүл амьдрахын тулд "сайн" хооллож, "сайн" нойрсож, биеэ энхрийлэх хэрэгтэй гэсэн зөвлөгөөг олонхи Монголчууд бид сэтгэлгээндээ, их идэж, ногоортлоо унтаж, хөдөлгөөнгүй залхуурч хэвтэх хэмээн тусгаж авах гээд байдаг талтай. Яг үнэндээ дээрх зөвлөгөөний мөн чанар нь багаар тогтмол зөв, эрүүл хооллох, тогтмол цагт нойроо авч амарч байх, их бага хэмжээгээр биеийн тамираар тогтмол хичээллэж биеэ чийрэгжүүлж байх хэрэгтэй санааг л хэлсэн байдаг бололтой. Ер нь бодох л ёстой асуудал.

Хэрвээ танаас "Хүн аль гараараа бичдэг вэ?" гэж асуувал "Ихэнх хүмүүс баруун гараараа, солгой хүмүүс зүүн гараараа бичдэг" хэмээн хариулж магадгүй. Арай лавшруулаад "Би энэ нийтлэлийг аль гараараа бичсэн бэ?" ч юм уу "Та сэтгэгдэл үлдээхдээ аль гараараа бичих вэ?" гэвэл арай өөр болж ирж мэдэх л юм.

Энэ мэт хэвшиж тогтоод он удаан жил болсон сэтгэхүйг өөрчлөхөд "орчноосоо тасран эргэцүүлэн бодохуй" хэмээх үйл нь тун тустай санагдана. Энэ үед "дотоод дуу хоолойнууд" сонсдож, "Би хэн бэ?" гэдэг асуултын хариултыг олж, өөрийн дотоод мөн чанараа таних нь дамжиггүй.

"Аанхаа, чиний энэ үзэл бодол, дадал чинь буруу байж" хэмээн сонссон дуулсан зөвлөгөө, мэдлэг, мэдрэмжид тулгуурлан шийдлийг олсон нэгэн "сайн санаат" дотор хүн A маань намайг өөрчлөхөөр шамдаж эхлэх үед гэнэтхэн "Юм бүхэн хоёр талтай" гэсэн үзлээсээ хазайх дургүй B дотор хүн A-тай үзэл бодол нь таараагүй учир хүрч ирээд "андын" маань бодлыг үгүйсгэхээр араас нь чангаана. Үүнийг харсан арай ихийг бодож тунгаадаг C дотор хүн маань тэндээс гарч ирээд "Юм бүхэн хоёроос олон, 4, 5, 80... ер нь маш олон талтай байдаг юм. Тэр бүх талаас нь харж, аль нь давамгайлж байна, аль нь илүү чухал вэ гэдгээс шалтгаалж үйл хөдлөлөө захирч байх нь зүйтэй" хэмээн өгүүлсээр тэр хоёрын маргааныг шийдэхээр ирж айсуй. А маань ч баяртайгаар C-г хүлээн авч ноён В-г сэнхрүүлэхээр оролдож эхэллээ. В ч угийн зөрүүд гөжүүд нэгэн ба өөрийн санааг батлахаар оролдох ба өөрийг нь юу ч гэж хэлсэн түүнийг нь сохроор даган дэмжиж, А, С хоёрт "хүчний дарамт" үзүүлдэг D-г дуудаж ирүүлээд бүр ч "халуухан" маргаан, тулаан эхэлж B, D хоёр намайг ч өөрсдийхөө талд оруулчихаар зүтгэнэ. E, F, G... Ψ Ω Σ... нөхдүүд "үзэгчээр" оролцохоор шийдсэн бололтой тэндээс чимээгүй харж зогссоор. Энэ торгон агшинд л "Би чухам хэн бэ?" гэдэг асуултыг "өөрөөсөө" асууж A, C хоёрыг дэмжин "зөв алхам"-ыг хийж эхлэх нь хамгийн чухал шийдэл болой.

Мөнхөд дотор орших "дотор хүмүүс" буюу өөрөөсөө зугтаад хаа холдох вэ? Харин тэдэнтэй нүүр тулан "балиашаглах" ёстой нэгнээ дэмжин элбэлцэж, өөрийгөө "доош нь зулгаагаад" байгаа нэгэнтэй нүүр тулан тэмцэлдэж, дийлж явбаас зүйтэй хэмээн сэтгэлээ.

4 comments:

duurnee said...

хэхэ яг нэг бодлого бодож байгаа юм шиг санагдлаа

тийм шүү болдогсон бол А, С хоёрыгоо байнга дагах юмсан

гэхдээ хааяаа тэр 2ийг сонгосон хойноо зөв байлаа ч харамсах юм байх..

uugand said...

Тийнхүү орчноосоо тасрахад байгаль дэлхийтэйгээ ойр байх нь илүү тустай болов уу гэж бодож байна шүү. Ямартай ч "Би хэн бэ?" гэдэг асуултыг өөрөөсөө асуугаад сууж байгаа миний хувьд нийтлэл чинь таалагдлаа.

zandra said...

neeree ch tiim shuu te.ter ali garaaraa bicheg we gdg ni ih hoorhon yum.eroosoo ene tuhai bodoj uzeegui sonin yum bna shuu...

GansukhB said...

@Duurnee:

Баярлалаа,
Олон хүмүүсийг тоогоор нэрлэдэг юм уу гэж байснаа үсгээр нэрлэсэн юм уг нь :D
А, С хоёрыг дагачихаад харамсаж байгаа бол өөр нэг нь бас татаад байгаа л гэсэн үг юм болов уу даа :)

@Uugand:

Баярлалаа,
Чимээ шуугиан хөл хөдөлгөөн, технологи ихтэй газраас холдож байгаль дэлхийтэйгээ ойртох ч тун тустай, элдвийг эргэцүүлэхэд тун хэрэгтэй нь үнэн шүү.

@Zandra:
Хэвшмэл сэтгэлгээээ гэж... Тэр хэвшлээсээ ангижрахыг хүсье,
Баярлалаа :)

Post a Comment

Миний сэтгэл гарган бичсэн өчүүхэн бичлэгт сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа :)