Дурсамж сэргээсэн бичлэг

Миний хамгийн ихээр хүндэлж явдаг блогчин Бум-Эрдэнэ ахын "Блогоор аялсан түүх - 16 буюу уншигчаас ирсэн зураг" нийтлэлийг уншаад хүүхэд ахуй цагтаа зуны амралтаа өнгөрөөж байсан нутаг, хүүхэд ахуй насаа өөрийн эрхгүй эргэн дурсан бичиглэмээр санагдлаа.

Нар хур нь тэгширсэн зуны сайхан дэлгэр цаг эхлээд төд удалгүй аавтайгаа, мотоциклых нь ард сундлаад авга ахындаа зуны амралтаа өнгөрөөхөөр, дөнгөж орсон борооны чийг, ногооны униар үнэртсэн хээр талаар сүнгэнүүлдэгсэн. Чамгүй хугацааг замд өнгөрөөдөг ч замд дайралдах адуу мал, жаргахын нарнаар нүхнээсээ гарч бэлчээрлэх тарваганууд, үзэсгэлэн төгөлдөр байгаль дэлхийгээ харж баяссаар уйдах завгүй явдаг байж. Аймгийн төв, сум хоёрын дунд орших "Газар дундын овоо"-нд аян замаа даатган хүслээ шивнэж чулуу өргөн тойрч биеийн чилээгээ гаргаж, эргэн тойрон харагдах газар усны нэрийг ааваасаа сонсч аваад аянаа үргэлжүүлнэ.

Авга ахых надтай хэдхэн хоногийн зайтай төрсөн дэрсхэн хүүтэй. Жил бүрийн зуны амралтаа хурга ишгэнд хамт явж, тоглож өнгөрөөдөг ч дөнгөж очсоныхоо дараа бишүүрхэж суусаар нэг хоногийг ардаа үднэ :) Өвөөгийн зүсэлж өгсөн морьдоос үеэл ах барьж ирснээр миний "Зуны зугаатай" өдрүүд эхэлнэ дээ. Миний үндсэн өдөр тутмын үндсэн ажил бол гэрээс харагдахгүй газар луу давж одсон хурга ишгийг ил харагдах хэсэгт тууж авчрах, өөр айлын хонь, хургатай нийлүүлэхгүй байх үүрэг гүйцэтгэнэ. Орой хонь саах үеэр хонь ямааг холбоо руу зөөж туслах дараа нь хурга ишгийг эхтэй нь хэсэг зуур бэлчээрт гаргасны дараа ялгаж хашаанд хийснээр нэгэн өдрийн "нүсэр" ажил дуусгавар болж байгаа нь тэр. Хэлэхэд хялбар сонсогдож байж болох ч тэрүүхэн тэндээ стресс ихтэй ажил санагддаж байж, хэхэ. Арай хэдэн жилийн дараа хонь, адуунд явж, уурга барьж давхих эрхтэй болж "тушаал дэвшсэн" юмдаг.

Наран ургахтай уралдан шүүдэр буусан өвсөн дундуур чөдөрлөж тавьсан морьдоо барихаар хазаараа үрээд алхах нь үзэмж төгөлдөр байгаль дэлхийтэйгээ амин холбоотойгоо мэдэрч, сайн сайхан бодол, эрч хүчээр цэнэглэгдэж байсан юм уу даа.

Одоогийн өөрт тогтсон амьдралын хэвшлийг ажвал, өсч торнисон нутаг усандаа очих ч завгүй, тэр байтугай, эргэн тойрон байгаа ойрд дотны хүмүүстэйгээ, алсад суугаа ижий аавтайгаа ч холбоо барьж мэндээ мэдэлцэх завгүй мэт (бүр өөрийхөө дотоод руу өнгийж хараад ч танихгүй), хүн хүнээсээ, хүн байгалиасаа хөндийрч, мөнгө, мэдээлэл, мэдлэгийн төлөө цаг наргүй уралдан тэмцэлдэж харагдах юм.

Сайхан гэрэл гэгээтэй дурсамжаар эхлээд шүүмжлэлээр өндөрлөсөн бичлэг болчихж. Цаг хугацааг ухраагаад тэр цаг үедээ очиж чадахгүй ч хүн байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой байдгийг оюун ухаанд минь мэдрүүлж өгсөн тэр л нутагтаа очихсон.

2 comments:

Бум said...

Нээрээ л хүн байгалийн хоорондын хамгийн ойрхон цэг гэхэд болно доо. Чи ч Үнэхээо тавиул байжээ хэ хэ. Ахынхаа энэ http://bumerdene.blogspot.com/2007/12/blog-post_7622.html өгүүллэгийг цншаарай. Тавиулын амьдрал бага сага орсон байдаг юм хэ хэ. Харин чиний хэлснээр (бүр өөрийхөө дотоод руу өнгийж хараад ч танихгүй) бид үнэхээр ийм болж байгаа нь үнэн шүү. Харамсмаар

Duurnee said...

Хөөх бүр хөдөө нутгийн сайхан байгаль санаанд орчихлоо үгээр хэлшгүй сайхан шүү ногооны униар борооний чийг үнэхээр үгээр хэлшгүй тансаг :) голын хүйтэн усанд донтой юм шиг зогсоод л байдаг байж билээ нэлээн даарч эхлэхээрээ том бух чулуун дээр хатаагаад тавьчихсан голын хялгасан хорхойнуудаа эргэнэ аймаар хэрцгий хялгас болгох гэж байгаа нь тэр байхгүй юу :P

Твиттэрээ устгачихсан юм уу би ч бас эдр :)

Post a Comment

Миний сэтгэл гарган бичсэн өчүүхэн бичлэгт сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа :)