Өөр лүүгээ өнгийхүй

Амьдрал хэмээх сонирхолтой аялалын уртхан замд бартаа нугачаа багагүй тохиолдоно. Өгсөлт уруудалт, өндөрлөг уналтууд нь нийгэмд харагдах "бие" хүн, өөрөө ганцаараа сонсох "дотор" хүмүүст ав адилхан тохиолддог бололтой. Дотоод ертөнцийн уналтаас хүн бүр сэрэмжилж сайхан сайхан руу тэмүүлтүгэй хэмээн өөрт тулгарсан амаргүй үеийг эргэн дурсан өгүүлсүү.

Өөрийн амжилт, чадвар, хийж бүтээснээрээ бахархан "цээжээ дэлдэн" нисч явах үе хэн хүний амьдалд тохиолддог л нэгэн дүр зураг. Гэвч гэнэтхэн нэгэн өдөр хувьсан өөрчлөгдсөн мэт өөрийн хийх дуртай зүйлсээсээ жинхэнэ кайфыг амтлахгүй, олны дунд ороход тэд бүгд миний эсрэг, тэднийг үзэн ядмаар, хэлсэн үг бүр нь намайг өдөөн хатгасан шинжтэй мэт санагдан нударгаа зангидмаар, өөрийгөө тойруулан өндөр зузаан хана хэрмийг бариад дотор нь ороод суучихмаар. Өдийг хүртэл сурсан хийсэн зүйл, сонссон магтаал урамшуулал шагнал надад чухам ямар хэрэгтэй байсан юм бол гэж өөрөөсөө асуун цээжний гүнээс хараал урсган хашгичмаар. Нойр гээчийг жинхэнэ утгаараа умартана. Бусдыг хайрласан хайр бүхэн минь үзэн ядалт болж хувирч байна уу гэлтэй. Элдэв хорт зуршлууд намайг тайвшруулах болов уу? мөрөөдөл, зорилго, амьдралын утга учрыг умартан энэ ертөнцийг өөрөөсөө ангижруулчихмаар ч юм уу.

Дээрхи "адын" гэмээр мэдрэмж, бодлуудад дотоод ертөнц минь хүлэгдэн багагүй хугацааг туулан түүнээсээ ангижирч чадсан. Үүнийг депресс буюу "сэтгэл гутрал" хэмээн нэрийддэг. Ихэвчлэн өөрт тохиолдсон таагүй явдал, сэтгэл дундуур байдлаасаа ангижирч чадалгүй удсанаас болсон бололтой. За сэтгэлзүйчдийн ярьсаныг давтан нуршихаа азнаад арай өөр өнцгөөс харж, илүү үр дүнтэй аргыг хуваалцъя.

Бодол хамгаас хүчтэй гэдэг үнэхээр үнэн. Үргэлж сайн сайхан зүйл бодож баясч бай гэж гэгээрсэн хүмүүсийн сургадаг нь оргүй үг биш. Өөрт тулгарсан өчүүхэн таагүй явдалд шаналал, сөрөг төсөөлөл бодол зэргээс болж л "байдлыг хүндрүүлж" бие махбод, цус, эд эс бүхнээ сөрөг эрчим хүчээр дүүргэн "үүрлүүлж" биеэ, сэтгэлээ муутгаж байснаа ойлгож ухаарлаа. Өөрийгөө таагүй бодол, айдсаас ангижруулан бясалгаж өөрийгөө "цэвэр"-ээр нь олж харахын тулд багагүй хугацааг зөвхөн өөртөө зориулж гаргасны л үр юм даа.

Таныг хамгаалах ганцхан зүйл бол зөвхөн ХАЙР.

Энэ нь шууд өөр хэн нэгэнд ухаанаа алдах дурлал биш. Эерэг сэтгэлийг өөртөө бий болгоогүйгээр дурлах нь тачаал, үзэн ядалт, хорсол болж дуусах магадлалтай. Хамгийн эхэнд өөрийгөө хайрлах хайрыг бий болго. Энэ хайр асар энгийн, бага зэрэг тэвчээрээс эхэлнэ.

Уур уцаар, хараалын үгс, атгаг шунаг сэтгэл, гунигт ая, сөрөг гутранги үгтэй дуунууд, элдэв "шүүлтүүргүй" мэдээллийн суваг, кино, тоглоом, архи тамхи, амттан, эрүүл бус хүнс(өөх тос, давс, чихэр, амтлагч, хайрч хуурсан хоол) гэх мэт өөрийгөө хордуулж байгааг мэдсээр байж хэрэглэж байгаа хорт зуршлуудаасаа татгалз. Таны бие, тархи бол хогийн сав биш. Цаг зуурын жижиг сажиг зугаа цэнгэлээр  өөрийгөө бүү хуурч мэхэл. Бүх юм сайхан болж бүтнэ, гэсэн бодол, өөрт болон бусдад итгэх итгэлээр өөрийгөө дүүргэж эхэл. Энэ бол өөрийгөө хайрлаж байгаа жинхэнэ хайр.


Дээрх зүйлсийг хэрэгжүүлснээр таны бие сэтгэлд бусдыг хайрлах ХАЙР, бусад эерүү энерги, хүсэл тэмүүлэл, бодол, мөрөөдөл багтаж шингэх орон зай бий болно. Эерэг энергиэр цэнэглэгдсэн бие махбодод эерүү сэтгэл бүрэлдэн, урьд өмнө нь хорхойсон шунаж явсан хорт зуршлуудгүйгээр өмнө олж мэдэрч байгаагүй аз жаргалыг жинхэнэ утгаар нь мэдэрч эхлэн хүссэн бүхэн сэтгэлчлэн бүтэж аз жаргалаар бялхах үүд нээгдэнэ.

Хүн бүхэн үүнийг хэрэгжүүлж эерэг сэтгэл, хүслээр өөрийгөө дүүргэн аз жаргалаар бялхаж явахыг хүсэн өрөөе.

Баярлалаа.

15 comments:

Chimedee said...

Баярлалаа сайхан бичжээ, үнэхээр өөрийгөө болоод бүхнийг эерэгээр харах, хүндлэх, харьцах, хайрлах ч хамгийн чухал бөгөөд бүхний эхлэл байх а.

Sharavsambuu Gunchinish said...

Би ч дэпрэссд орж яваа нөхөр байнаа :) Андын зөвлөгөөг хэрэгжүүлээд үзнээ гоё нийтлэл болжээ

Altannavch said...

Burxan bagsh xelexdee... Yunii turuund oorigo xairla gsn bdg.. Oorigo xairlax xairas l busdg xairlax xair exlene,,, goy boljee.. AMJILT.. ;-)

Frank said...

Бусдын төлөө амьдрах нь угтаа өөрийн төлөө юм.

Gansukh B said...

Сэтгэгдэл үлдээсэн та нартаа баярлалаа.

@Chimedee> @Altannavch>

Өөрийгөө хайрлахаас бусдыг хайрлах эхэлдэг гэдгийг яалтчгүй мэдрээд ийн бичиглэв.

@Sharavsambuu>

Депрэсснээс эртхэн ангижирахыг хичээгээрэй, Амжилт хүсье ;)

@Frank>

Өөрийгөө хайрласны дараа бусдыг хайрлах нь жинхэнэ аз жаргал. Харин өөрийгөө гаргуунд гаргаад бусдын төлөө амьдрах нь удахаараа тамлан болдог мэт.

Jasper said...

Сайхан эхлэж байснаа сүүлдээ жаахан номлог ч шиг хэт номын болчихлоо. Би өөрөө жаахан идиалист, бас их эсэргүү нөхөр л дөө.

Бүх юмыг Сайн, Муу гэж зааглан тэр хоёр талдаа бүхнийг ялгаж үзэхийг жаахан ойшоодоггүй. Ингэ тэг гэж заасан зүйлд жаахан суургүй ханддаг. Ерөнхийдөө "Өөрийн бодол өөртөө зөв" гэдэг үгийг горилдог ч "Өөрийн бодолдоо үнэн ч байх" гэдэг зарчмыг баримтлахыг илүүд үздэг.

Найруулгыг шагшин биширмой, гэвч дундаас авхуулаад жаахан шүүмжлэлтэй хандмаар байна. Доорх мөрөө дахиж нэг харж үзээрэй

Таны бие, тархи бол хогийн сав биш. Цаг зуурын жижиг сажиг зугаа цэнгэлээр өөрийгөө бүү хуурч мэхэл.

Ямартай ч дийлэнх зүйл дээр санал нийлж байна. Бодол бол хамгийн хүчтэй, юу бодно түүнээ хий, гэхдээ тууштай бай ;)

Gansukh B said...

@Xacaa>

Баярлалаа.

Энэ мөр яасан гэж? Биеэ энхрийлж байгаа нэрээр хогон мэдээлэл, хов жив, садар самуунаар тархиа дүүргээд, шоу цэнгээн, архи тамхи, хортой бодисоор биеэ хорлож байгааг л шүүмжилж сэрэмжлүүлэн, таныг өөрөөс чинь хамгаалахаар хичээсэн болно

Миний бие гурван ч удаа лагшин чилээрхэн хүндхэн байдалд орж, амтанд дурлах шунал хүслийг тэвчиж бие сэтгэлээ цэвэрлэсний хүчинд эдгэрч өдий зэрэгтэй, хүмүүсийн нүдний өмнүүр бүртэлзээд кийбоордыг тогшиж яваа билээ.

Jasper said...

Хэхэ дээрх мөр хэтэрхий номын болсон мэт гэж хэлэх гэж байгаа санаа нь :P Гэхдээ хов жив, хогон мэдээлэл, садар самуун, шоу цэнгээн, архи тамхи, хортой бодисыг хэрхэн муу гэж дүгнэж байна, ямар хэмжүүрээр. Тэгвэл сайн зүйл гэж юу вэ?

Мэдээж амьд, бас эрүүл явах сайхан. Гэхдээ чи юуны учир алжаав, хэрхэн алжаалаа тайлав. Гэгээрлийг олох зам мөн үү?

Хүний бодол санаа хамгийн хүчтэй гэв, тэгвэл өөрийн бодож, хүсэж буй зүйлийг дур мэдэн хорьсоноор үнэхээр аз жаргалд хүрэх үү? Хэрвээ бодол хамгийн хүчтэй нь бол бид хүссэн бүхнээ хийх хирнээ түүндээ чухам аз жаргалтай явбал болох бус уу?

(санаа нийлж байвч адил бодолтой хүнтэйгээ мэтгэлцэхийг хүсэв ;))

Gansukh B said...

@Xacaa>

Мэтгэлцээнийг мэссэнжерээр хангалттай хийж санал зөрөлдөөн маань санал нэгдсэн зүйл болж хувирсан учир энд хариуг эс бичив :D

orchlon said...

манай хасаа, ганаа 2 сїїлдээ мэтгэлцээнээ мснрт їргэлжлїїлэлл юудаа,, хэхэ,, ямартай ч санал нийлсэн нь болждээ

oyko said...

аан энийг дипресс гэдэг юмуу. би бас нэг иймэрхүү байдалд орж байсаан. Бодлоо захирч чадахгүй байна гэдэг ямар аймшигтай гээч. Цаг ч явж өгөхгүй ингээ л нийх сонин бүр цаг хором бүр өөрийгөө мэдрээд байгаа ч юм шиг өөрийгөө л чагнаад, ямар нэг өөрийгөө сатааруулах юм хийхгүй л бол үхчих гээд байгаа юм шиг санагдаад л.. галзуурал ингэж л эхэлдэг байх. Тэгээд л намайг гэх нэг хүн гарч ирж миний энэ бодлыг өөртөө татаж сатааруулж чадсанаар ч юмуу энэ аймшигт байдлаас гарч чадсан юм шиг санагдаж байна. Би яагаад ийм байдалд орсон бэ гэхлээр эмнэлэгт ганцаархнаа нэг өрөөнд хэвтсэнээс болсон юм аа. тэгэхдээ надад ямар ч өвчин зовиур байгаагүй. ээж аав 2 л одоо удахгүй хичээл чинь орлоо тэрнээс өмнө жоохон эм тариа хийлгээд эмнэлэгт хэвтчих гэсээр байгаад хэвтүүлсэн. тэгээд наиар гадаа аймар хүйтэн бороотой байсан болохоор гарах боломжгүй өдөржингөө орон дээр хэвтээ л дээшээ хараа л өөрийгөө чагнаа л аймшигтай ганцаардаж байгаагаа мэдэрсэн. тэр эмнэлэгт ер нь тарианыхаа цагийг хүлээдэг байсан хүн нь ганц би л байх. сонин байгаа биз. яахав цаг хором бүрт өөрийгөө мэдэрдэг байдлаасаа түр ч атугай салдаг байсан болохоор тэр биз. иймэрхүү байдлаар удахаар хэн нэгэн сэтгэлээ хуваалцах хүн хэрэгтэй байгааг мэдэж байгаа хэрнээ л хүмүүсээс зугтаагаа л ганцаараа байхыг бодоод байдаг юм байна лээ. аргагүй шүүдээ надаас бусад хүиүүс зүгээр л хэвийн байгаагаараа байгаа шдээ би гэнэт ийм болсныгоо юугаар ч зүйрлэж хэлэхийн аргагүй учраас энэ хүмүүс яаж ч ойлгохов дээ гэж бодож байсан байх. за тэгээд эмнэлэгт би 7 хонохоор байсын ганцаараа төлбөртэй өрөөнд хэвтэнэ гээд мөнгө энэ тэрээ төлцөн байсан л даа юун хоногоо гүйцээх арай гэж 5 хоноо л гэр лүүгээ утасдаж уйлж барин байж эмнэлэгээс гарсан. 5 хоног гэхэд цөөхөн сонсогдож байгаа биз гэхдээ 5 хоног 5 жил шиг санагдана гэдгийг тэгэхэд анх мэдэрсэн. тэгээд би энэнээс хойш хүний хамгийн аймшигтай дайсан нь хүн өөрөө юм байна гэдгийг ойлгосон. ганцаардал гэдэг хүнийг ямар өчүүхэн амьтан болгодог юм бэ аяаяаяа ярих юм биш. тэгээд удахгүй нөгөө цаазаар авах ялыг насаар нь хорих ял болгоно гээд яригдаж эхэлсэн л дээ цаазаар авах гэдэг бол үнэхээр амархан юм байна лээ. харин хүнийг ганцааранг нь хорих гэдэг алахаас хэдэн зуу дахин аймшигтай ял вээ ёооё. жинхэнэ хэрэгтэн хүнд тохирсон шийтгэл шүү амьдын там л гэж тэр байх ингээд л би хувьдаа хорих ялыг нь дэмждэг болсон. наанаа уг нь хүний амьд явах эрх энэ тэр гээд сайхан сайхан хүмүүнлэг юм ярьж байгаа хэрнээ цаанаа бол бүүр улам бүр зовоох юныг бодоод олцон ч юм шиг.. заза олон юм ярьчихлаа гэхдээ энийг уншсан чинь гэнэт урьднын аймшигтай үеэ саначихлаа. тэхдээ би тэр байдлаас гарч хэвийн байдалд ортлоо 6 сар болсон юм шүү.

oyko said...

аан бас нэмж хэлэхэд та нарын комментоо хүртэл криллээрээ бичиж байгаа чинь таалагдаж байна шүү. би жоохон алдаатай биччижээ. хэхэ

Gansukh B said...

@Oyko

Баярлалаа :) Дааж давшгүй мэт санагдаж байсан хүнд үеэ давчихаад "Амьдралыг мэдрээд" явах ч сайхан шүү.

Anonymous said...

Сая яг энийг уншихаас өмнө: Хэрвээ монголд Солонгос кинонд гардаг шиг нэг уулын оройд байрлах сүм байдаг бол очиж хэдэн сар жилээр ч хамаагүй байж байгаад ирмээр байна гэж найзыгаа гайхшруулоод л сууж байсын. Андуурч дараад орсон гэхэд энэ зурагдсан замаар явсан бололтой... Баярлалаа.

Anonymous said...

Woori Casino Login - Play on Mobile or Desktop
The Woori Casino App will wooricasinos.info be bsjeon.net available at gri-go.com Woori Casino on a mobile or desktop basis. To https://vannienailor4166blog.blogspot.com/ play on our mobile or desktop, you can also play with https://octcasino.com/ your desktop browser,

Post a Comment

Миний сэтгэл гарган бичсэн өчүүхэн бичлэгт сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа :)