"Walk the Line (2005)"

Америкийн кино найруулагч James Mangold-ыг алдрын тавцан хүргэсэн бүтээл бол яах аргагүй Walk the Line (2005) юм. 20-р зууны америкийн нэр нөлөө бүхий уран бүтээлчдийн (ая зохиогч, дуучин) нэг, country, rock, rock`n roll, blues урсгалын уран бүтээлүүдээрээ алдаршсан Jonny Cash-ын бодит амьдралаас сэдэвлэн бүтээжээ. Энэ кино нь 2005 оны Оскарын кино наадамд 5 төрлөөр нэр дэвшиж, шилдэг жүжигчны шагналыг Reese Witherspoon авсан байна.

    Jonny Cash (Цаашид J.R хэмээн товчилъё)-ын бага нас аав, ээж, ах, охин дүү нарын хамт, хөдөө нутагт хөвөнгийн тариалан дунд өнгөрнө. Аав нь архи ууж, хэр бүлийхэндээ дарамт учруулж, хөндий хүйтэн ханддаг нэгэн ба, ээж нөлөөгөөр дуу хөгжимд дуртай нэгэн болж хүмүүждэг. Нэгэн өдөр ах нь цахилгаан хөрөөгөөр ажиллаж байгаад осолдон амиа алдаж, энэ үйл явдал түүнд том цохилт болно.
    J.R нас бие хүрч, цэргийн албан татагдах ба цэрэгт байхдаа "Folsom Prison Blues" дуугаа зохиодог. Харин цэргээс халагдсаныхаа дараа айлуудын хаалгыг тогшин жижиг эд зүйлс худалддаг худалдагчийн ажил хийж яваад санамсаргүйгээр нэгэн дуу бичлэгийн студийг олж, олон олон уран бүтээлчдийг олж харан, уран бүтээл хийх хүсэл нь ундарч, гоцлол гитарчин, аргил хуурч 2 залуутай хамтран уран бүтээл хийж эхлэх ба "Folsom Prison Blues" дуу нь уг студийн захиралд таалагдаж, түүний алдарт хүрэх гараа эхэлнэ.
    Түүний уран бүтээл хэдий эрчтэй урагшилж байсан ч, түүний эхнэр энэ замналыг хүлээн зөвшөөрч чадахгүйн улмаас хоёр тийшээ болох ба, J.R багадаа радиогоор дууг нь сонсох дуртай байсан охин (Бага насандаа уран бүтээлээ эхэлсэн бүсгүй) June Carter-тай нэгэн тоглолтон дээр танилцаж, түүнд сэтгэл нь татагдана. June Carter нөхрөөсөө салсан ч J.R-ын гэрлэх хүсэлтийг June хүлээж авалгүй олон жилийг өнгөрөөсөн ч мансууруулах бодис, архинд донтох болсон J.R-ын хүнд хэцүү үед хажууд хамт байж, J.R-ын амьдралыг сайн зүгт чиглүүлэн өөрчилж, эцэст нь гэрлэхээр зөвшөөрдөг.

Хайр хүндлэл үгүйгээр эд баялаг, алдар нэртэй байх нь амьдралын утга учир биш, жинхэнэ хайр дурлал хүнийг хэрхэн аварч болохыг энэ киноноос ойлгож ухаарч болно.

J.R-ын аав гэр бүлийн "хүчирхийлэгч", хүйтэн хөндий нэгэн байсан ч түүний хүүхдүүдээ хайрлах хайр нь хайрын үгээр биш "Чи хаана байсан юм бэ?" ("Where you been?"), J.R-ын ах осолд орсны дараа J.R-ыг хайж ирээд зовнисон аястай асуултаар илэрч байгааг ч анзаарч болно (Энэ үгийн цаана нуугдаж байгаа аавынхаа сэтгэлийг J.R хэзээ ч ойлгоогүй байж болох).

Уран сайхны аргаар хүнд ухаарал, амьдралын ухаан, урлаг, уран сайхны мэдрэмжийг олгож чадахуйц, заавал үзэх кинонуудын нэг болж чаджээ.

2 comments:

Anonymous said...

Гоё юмаа

orchlon said...

энэ кинонд дуртай,Рийз Витерспүн нээрээ дүрдээ мундаг тоглосон

Post a Comment

Миний сэтгэл гарган бичсэн өчүүхэн бичлэгт сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа :)