"Алтан өргөө"

Тэртээ 1940-өөд оны хүйтэн дайны үе ард хоцорч Монгол-Германы найрамдалт харилцааны илэрхийлэл болгон 2 орны уран бүтээлчид хамтаар 1961 онд "Алтан өргөө" уран сайхны киног бүтээсэн түүхтэй. Зохиолын хувьд гэвэл Монгол ардын үлгэр домгоос сэдэвлэн зохиолч С.Эрдэнэ гуай, Германы зохиолч Курт Бортфелд нар кино зохиолыг бичсэн. Хэдий 2 орны хамтын бүтээл хэдий ч зохиолын үйл явдал нь дан Монголчуудын амьдрал ахуй, соёлыг дэлгэн үзүүлсэн (Лусын хааны ахуйд л Европ үлгэрийн шинж чанар багахан орсон байдаг).

Германы тухайн үеийн дэвшилтэт технологийг ашиглан бүтээсэн(Монголын хамгийн анхны өнгөт кино шиг санагдаж байна). Мэргэн ардын агуй доторх хэсгийг Герман улсын нутагт байдаг агуйд авсан нь киноны үзэмж, төрх, үйл явдлыг илүү хүчтэй болгосон (гоёмсог бана ургадаг агуй Монгол улсын нутагт байхгүй. Агуйн бана Монголчуудын хувьд огт мэдэхгүй, шинэ төрх учир кинонд өгүүлэх "үлгэрийн", "шидтэний" ертөнц гэдэг шинжийг үзэгчдэд илүү хүчтэй хүргэсэн болов уу).

"Мэргэн ард" хэмээх шидтэн Пагва өвгөн, түүний гэр бүлийг ус ургамал сайтай нутагт суурьшуулж газрын судал, усны эхийг нэгэн модон авдарт хийж, түүнийг хамгаалан сахих үүргийг даалгасан байгаагаар үйл явдал нь эхэлдэг. Пагва өвгөний том, дунд хүү болох Ёров, Ёмбо нар нь эд хөрөнгөний шуналтай "хор найруулах" дуртай сөрөг дүрүүд, бага хүү Сүмбэ нь бусдад, өөртөө тусалдаг, шударга туйлбартай за чанартай гол дүр.

Пагва өвгөний хувьд хүүхдүүдээ "юм мэдэхгүй", "ухаан суугаагүй", "цагаан цайлган", "балчир, жаахан" гэж дутуу үнэлэн хадгалж байгаа усны ундраганыхаа талаар хүүхдүүдтэй тайлбарлаж өгөлгүй нууж явсаар, 2 том хүү нь шуналдаа хөтлөгдөн тэрхүү авдрыг нээснээс болж нутгаа усгүй, ган гачигт автуулж, Сүмбэ хүү Мэргэн ард, Лусын хааны тусламжтайгаар нутгаа устай болгож амар сайхандаа жаргаж байгаагаар төгсдөг.

Пагва өвгөний дүрээс үр хүүхдээ "балчирхан", "гэнэн цагаахан" гэж сэтгэсээр хүүхдээсээ хөндийрсөн хэрнээ юм л болбол "балчирхан", "цагаахан" гэж өмөөрч хамгаалж, өөрийгөө хуурч өдөр хоногийг өнгөрөөх, өнөө үед ч хаа сайгүй тааралдах эцэг эхчүүдийн үнэн төрхийг харж болно. Гэвч хүүхдүүд нь аль хэдийнэ "хэн байх" төрхөө(үзэл бодол, төлөвшил) олж тогтсон байдаг.

Алт эрдэнэс, мөнгөнд шунаж авдарны тагийг нээж нутгаа уух усгүй хуурай болгож орхиж байгаагаа Ёров, Ёмбо нарын үйлдлийг үзэгчид анх хүлээж авахдаа "шуналтай, муу хүмүүс", "дайсны тал" гэж дотроо боддог байж болох. Өнөөгийн Монголчуудын газрын баялагаа ухахаар шунаж, маргаашаа, үр хойчоо бодолгүйгээр ёстой л "хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөх" нь халаг газар шороогоо сэндийчихээр улайран дайрч яваа нийгмийн төрхийг, өөрсдийгөө тольдож байгаа мэт санагдахыг нуух юун. Энэ талаар та бүхэн өөртөө асуулт тавьж нэг эргэцүүлж бодоорой.

Сүмбэ хүү Сарангэрэл охины хайртай хар хургыг ээжид нь аваачиж өгснийхаа дараа зах зээл дээр Сарангэрэл охиныг олж хараад аль гоё чамин, үнэтэй эд зүйлсийг харуулахыг хичээсэн ч тоосон шинжгүй ширтээд л зогсоод байгаа хэсэгт багагүй өгүүлэмж нэгэн дор цогцолсон харагддаг. Хэдий энэ ертөнцийн өнгө будгийг харах нүдгүй ч Сүмбээг олж мэдэрч байгааг харуулсан нь сүүлийн үед хүмүүсийг шуугиулаад авсан Blind Date богино хэмжээний Монгол киноноос хувь илүүтэйгээр "романтизм"-ыг "дээр үеийн" кинонд гаргаж чадсаныг хараад бахдмаар.

Уснаасаа тасарч балчиг шаварт байсан загасыг(лусын хааны охин) их усанд нь тавьсаны дараа Лусын хаан Сүмбээг орд өргөөндөө урин баян тансаг байдал, эрх мэдэл амлан өөртөө "хүргэн орох" санал тавин шахалт үзүүлэхэд "Би эх газарт амьдралтай, өөрөө өөрийхөө хувь заяаны эзэн байх болно" хэмээн өөрийн үзэл бодол, хайр дурлалыхаа төлөө тууштай зогсдог. Лусын хаан ч энэ үзүүлсэн сүр нь сорилт байсан юм, чи үүнийг давж чадлаа хэмээн сайшааж 3 чухал эрдэнийг бэлэглэдэг.
Амьдрал хэмээх урт замд таарах бартаа, сорилтуудад уналгүй, живчихэлгүй "хувь заяаныхаа", "өөрийхөө" эзэн байх хэрэгтэйг ойлгуулахыг зорьсон хүмүүжлийн чухал ач холбогдолтой болж чадсан зохиол, кино болж чадсан мэт санагдана.

Мөн киноны үйл явдлыг илүү бодитой "амьдруулж" чадсан Л.Мөрдорж гуайн хөгжмийн бүтээлүүдийг дурдахгүй байж болшгүй. Нийтлэлийхээ төгсгөлд энэхүү киноны агуу сайхан хөгжмүүдээр таны сонорыг мялаая.





Татах холбоос

Он:1961
Киноны нэр:АЛТАН ӨРГӨӨ
Зохиолч:Эрдэнэ Сэнгийн, Курт Бортфельд
Найруулагч:Доржпалам Равжаагийн, Готтфрид Кольдитц

Гол дүрийн жүжигчид:

Мэргэн ардЛувсанжамц Жамбын
ПагваЦэгмэд Цагааны
СүмбэЗориг Батсүхийн
ЁровСүхбаатар Сүрэнгийн
ЁмбоЦэгмэд Гомбожавын
СарангэрэлНоржмаа Цэдэндамбаагийн
СэндмааДолгорсүрэн Чимидийн
Лусын хаанКурт Мульхардт
Лусын хааны охинЭвилен Кром

2 comments:

Frank said...

Сэтгэл хөдөлтөл бичсэн сайхан нийтлэл байна. Агуулгын гүнд нь орж, бүтээлийг мэдэрч чадаж байгаа чинь надад сэтгэгдэл төрүүлж байна.

"Аливаа зохиол бүтээл өөрөө нэг санаа, зорилгоор бүтээгддэг.
Харин уншигч түүнийг өөр өөрийн өнцгөөс харж, зохиол доторхи зохиолыг бүтээдэг ажгуу. SayFrank"

Azaa said...

Hey!

neeree xusvel ta uuriinxuu zuragiig nadaa send xiichexgui yu! Bi tegeed yanzlaad uguy! oiriin uyd zurag avaagui boloxoor yanzlax zurag baixgui =(..

Post a Comment

Миний сэтгэл гарган бичсэн өчүүхэн бичлэгт сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа :)