"Би чамд хайртай" кино

1990-ээд оноос өмнө бүтээгдсэн Монгол кинонууд ихэвчлэн тэр үеийн социалист бүтээн байгуулалт, коммунизм хэмээх хэзээ ч хэн ч хүрээгүй нийгмийг бүтээн байгуулахын төлөөх хөдөлмөрлөхийг ухуулан сэнхрүүлсэн бүтээлүүд байсан бол энэхүү киногоор зөвхөн залуусын хайр дурлал, дотоод ертөнцөд хандаж чадсанаараа "цоо шинэ" хэв маягийг гаргаж чадсан юм.

И.Нямгаваа гуайн бичсэн зохиол ч санаа дажгүй. Тухайн зохиолыг хүний сэтгэлд хүртэл амьдруулсан Н.Жанцанноров гуайн хөгжим, О.Балжинням найруулагчийн ур ухаан, дүрүүдээ жинхэнэ утгаар гаргаж тоглосон жүжигчдийн тоглох чадвар, хөдөлмөр, авьяас, сэтгэлийг дурдахгүй байхын аргагүй. Үйл явдал, учир шалтгааны холбоос, дэс дараалал нягт, алдаа мадаг бараг үгүй.

Дэлгэцийн зохиол бүтээлүүдийн нэгэн гол онцлог бол тухайн нэгэн агшинд хэд хэдэн үйл явдал зэрэг өрнөж болдог, өчүүхэн үйл хөдлөл, бичил элемэнтүүд нь хүртэл утга санаа, шалтгааныг илэрхийлж байдаг билээ. Ер нь сайн зохиол, уран бүтээлд "санамсаргүй" зүйлс, "хоосон" зүйлс огт байдаггүй. Үзэгч, уншигчид "санамсаргүй" хэмээн хүлээн авч болох ч тэр бүгдийг найруулагч, зохиолч, уран бүтээлчид үггүй илэрхийлэлүүдийг багагүй хэмжээгээр оруулж хийж байж л хүний сэтгэлд хүрч чадах бүтээл төрдөг мэт санагддаг юм. Жишээлбэл:
  • Багш нар, эцэг эхчүүд нь цуглан Баяраа, Дэлгэр хоёрын асуудлыг хэлэлцэх үеэр Баяраагийн аав эрүүгийн хуулийн тэдийн тэдийн тэд хэмээн тоочих боловч сүүлд захиралтай ганцаарчлан уулзах үед хүүхдийхээ хүмүүжилд анхаарсангүй гэж зэмлэн Нэрт сурган хүмүүжүүлэгч, багш, зохиолч В.А.Сухомлинскийн "Хүүхэд бүр Математикч болох албагүй, харин бүгд эцэг эх болно" хэмээн хэлсэн үгийг иш татахад, "Сухомлинский гэдэг чинь кино жүжигчин билүү?" хэмээн өөрийн мөнгө, хууль хоёроос өөр юмгүй "хоосон" толгойтой гэдгээ харуулаад авч байгаа юм.
  • Баяраагийн аав Үрлээтэй уулзсаны дараа Үрлээ уйлан мод түшин зогсох үедээ түүнээс холгүй хүүхдээ тэргэн дээр түрсэн нэгэн ээж, өлгийтэй бяцхан үрээ энгэртээ авахыг хараад үсэн дэх цэцгэн туузаа авч байгаа нь "Би удахгүй 'маамуулна', толгойдоо туузтай явсан гэнэхэн хүүхэд нас минь баяртай." гэсэн өгүүлбэрүүдийн үггүй илэрхийллүүдийн нэг.
  • Дэлгэр сургуулиасаа гаран аавтайгаа хамт Хөвсгөл нутагтаа очин нуурын эргээр тэргэнцэртэй аавыгаа түрэн алхах үед тэдний цаагуур хүүхэд тэргэн дээр түрсэн эмэгтэй явж зөрдөг. Энэ агшныг харахад агуу зохиолч Д.Нацагдоржин "Дөрвөн цаг" шүлгийн "Өвөл" хэсгийн сүүлийн хоёр мөр болох

    "Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтан
    Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй" мөрүүдийн утгыг сэмхэн өгүүлэх шиг.
Дээрхитэй төсөөтэй хүмүүсийн зан чанар, сэтгэл хөдлөл, дотоод мөн чанарыг илтгэсэн нарийн ширийн олон хэсгүүд бий. Киноны үйл явдлын "чимэг" болсон кадруудаас багагүй хэсгийг "үзэл сурталд харш" гэсэн шалтгаанаар хассан байхыг ч үгүйсгэхгүй. Ер "соц нийгэм"-ийн үед олон сайхан кино кадрууд улс төр, дарга нарын үзэл хэнхэглэл, үзэмжээр хасагдаж, уран бүтээлчдийн сэтгэлгээг "боомилж", "хүлж" байсан гэдэг. Гэтэл өнөө бидний ардчилсан, эрх чөлөөт нийгэмд чөлөөтэй сэтгэж, бүтээх боломж байхад яагаад билэг оюуны нүдээ томхон нээж хараад сайн бүтээл төрүүлж чадахгүй байна вэ? гэсэн асуулт ч урган гарч ирдэг билээ.

4 comments:

Frank said...

Сайхан бүтээл, сайн бүтээл. Би чамд хайртай 2 ч бас сайн болсон. Гэхдээ мэдээж 1-р ангиа гүйцэхгүй нь тодорхой. Харин одоогоос 25 жилийн дараа гарах Би чамд хайртай 3 ямар байх бол?

beku said...

"өчүүхэн үйл хөдлөл, бичил элемэнтүүд нь хүртэл утга санаа, шалтгааныг илэрхийлж байдаг". Энэ яг миний дотроо бодож явдаг хэрнээ хэлж томёолж чадаагүй санаа байна. Иймэрхүү үзэгчээс ойлгоход зүтгэл шаардсан кадрууд их гоё. Даанч манайхны сүүлд хийж байгаа кинонуудад ийм кадр ховорхон, оронд нь хэтрүүлсэн сенсаци болгосон кадр дэндүү ихтэй болчихсон юм шиг. Тэгэхдээ хөгжиж байгаа гэж ойлгодог

musique133 said...

том утга санаа илэрхийлдэг өчүүхэн бичил элемэнтийг сүүлийн монгол кинонуудаас бага олж харж байгаа нь харамсалтай бдаг
beku8 тай санал нэг бна . мөн хүмүүс өөрийнхөөрөө блог дээрээ кино шүүмж бичдэг болсон нь таалагдаж байгаа ! та цаашид энэ сэдэвээ барьж бичээрэй !

Anonymous said...

Yag uneniig helehed nadad taalagddaggui kino. Sain anzaarah yum bol zuraglal ed nar bas sonin shd. Deer veiin geheeer humuus goy sain l gedeg zarim deer veiin kinonii am ed nar unen hudlaa. bdag sain kinonuud biildee. Altan Urguu , Zereg nemhiin omno ed nar bol zurag avalt nairuulga hariltsan yarianii onch ugs ed nar bol Super harin ene kino onts bishee. 2n harin suuliin ved bgaagui chanartai zurag avalttai pro bolson bna lee.

Post a Comment

Миний сэтгэл гарган бичсэн өчүүхэн бичлэгт сэтгэгдэл үлдээж байгаад тань баярлалаа :)